админ, 1 сарын 05, 2021
Үйлчлүүлэгч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг хөгжүүлэх
Үйлчлүүлэгч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг бий болгосноор мэдээллийн хомс байдлыг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлж ажил хайхад учирдаг олон хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэнэ. Гол зарчим нь ажил мэргэжлийн зөвлөхүүд үйлчлүүлэгчдийн (ажил хайгч, ажил олгогч, ажил мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсэлтэй оюутнууд гэх мэт) эрэлт хэрэгцээнд анхаарч, ажлын байранд зуучлах, сул чөлөөтэй ажлын байрыг бүртгэх үндсэн үүргээ гүйцэтгэх боломжтой болох юм. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээ илүү үр дүнтэй болж, илүү олон ажил олгогчдыг татах, өндөр ур чадвар шаардсан ажлын байрыг бүртгэж, зуучлах боломж нэмэгдэх юм.
Энэ зорилтыг хангахын тулд төслийн зүгээс дараах дэд арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Ажил хайгч, ажил олгогч болон бусад үйлчлүүлэгчдэд үйлчилгээг илүү үр дүнтэй хүргэхийн тулд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс (ХХҮГ/Х)-ийн оффисын байрыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн засварлах. ХХҮГ/Х-ийг засварлах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 ХХҮГ/Х-ийг хамруулна;
2. Мэдээллийн технологид суурилсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг сайжруулна. Ажил зуучлалын системийг сайжруулж, цахим болон гар утсаар дамжуулан ажилд зуучлагдах боломжийг нээх. Ингэснээр ажил мэргэжлийн зөвлөхүүд ажил олоход хүндрэлтэй иргэдэд төвлөрч ажиллах боломжийг олгох;
3. Хөдөлмөрийн эрхлэлтийн төрийн үйлчилгээг хөдөлмөрийн хувийн биржүүдийн үйл ажиллагаатай уялдуулан хамтын ажиллагааг бэхжүүлэх. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдах иргэдийн тоо өсөн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үр ашиг сайжирна. Үүний тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, үйлчилгээний стандарт, ажлын үйл явцад дүн шинжилгээ хийх; Ажлын чиг үүрэг, зохион байгуулалтын зохистой хувилбар болон үйлчилгээний стандарт боловсруулах зөвлөхүүд ажиллуулна.
- Сул чөлөөтэй ажлын байрны мэдээлэл хуваалцах болон бусад арга хэмжээгээр дамжуулан төрийн болон хувийн хөдөлмөрийн биржүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах;
- Хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг үйлчилгээг таниулан сурталчилах зорилгоор олон нийтэд хүрэх мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг хийж гүйцэтгэх.
4. Холбогдох ажилтнуудыг олон улсын форум, уулзалтад оролцуулах, Азийн улсуудын шилдэг туршлагатай танилцуулах зэрэг чадавх бэхжүүлэх ажлыг системтэй хийх;
Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшилтэй хамтран ажиллаж хүний нөөц, ажлын орчин, технологи зэрэгт цогц байдлаар хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ мэдээлэл хомс, хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдал тааруу, хөгжиж буй манай улсын хувьд “үйлчлүүлэгч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ”-г дэмжих нь нэн чухал болохыг харуулсан олон улсын шилдэг туршлагад үндэслэнэ.