ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциацийн 25,0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг 2017-2021 онд хэрэгжүүлж байна.
Төслийн зорилго
Төслийн зорилго нь ажил хайгч, бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээл дэх боломжуудыг илүү хүртээмжтэй хүргэх болон КОВИД-19 цар тахлын үед ажиллагчдад богино хугацаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна
Төслийн үр шим хүртэгчид:
- Ажил хайгчид, бичил бизнес эрхлэгч
- Ажил олоход хүндрэлтэй иргэд
- 18-34 насны залуучууд
- Ядуу өрхийн гишүүд
- Албан бус салбарт ажиллагсад байна.
Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд:
Төсөл нь дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
-
Бүрэлдэхүүн хэсэг 1. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үйлчлүүлэгч төвтэй болгон хөгжүүлэх
Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх орчин, нөхцөлийг сайжруулж, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, төрийн болон хувийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг шинэчлэн хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Бүрэлдэхүүн хэсэг 2. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг бэхжүүлэх
Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх чадавхыг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, цаашид тогтвортой хадгалахыг дэмжих санхүүгийн болон санхүүгийн бус цогц дэмжлэг, арга хэмжээг зохион байгуулна. Төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэлэг арга хэлбэр, үйл ажиллагаа бүхий орон нутгийн онцлогт нийцсэн төсөл санаачлан, туршин хэрэгжүүлнэ.
Бүрэлдэхүүн хэсэг 3. Хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээг сайжруулах
Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн болон Ажиллах хүчний судалгааг өргөжүүлэн зохион байгуулахад холбогдох судалгаа, шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цар хүрээ, чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
Бүрэлдэхүүн хэсэг 4. КОВИД-19 цар тахлын үед зохих шалгуур хангасан ажиллагчдад түр хугацааны хөнгөлөлт үзүүлэх
КОВИД-19 цар тахлаас үүдсэн хямралын үед сайн дурын даатгалд хамрагдаж буй 120,000 орчим ажиллагчдыг 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх арга хэмжээнд дэмжлэг үзүүлнэ. Сайн дурын даатгалд хамрагдаж буй иргэдийн ихэнх нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгч, малчид, хөдөө аж ахуйн салбар болон албан бус салбарт ажиллаж байгаа цалин хөлстэй ажиллагчид байна.
Бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь залуучууд болон бусад эрсдэлтэй бүлгүүдэд тулгамдаж буй асуудлуудыг онцолж, хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдлыг арилгах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшлийг идэвхтэй оролцуулна.
Төслийн хүлээгдэж буй үр дүн:
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн үйлчилгээний орчин нөхцөл сайжирч, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн систем шинэчлэгдэн, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилсэн байна.
- Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан иргэдийн бизнес эрхлэх чадавх дээшилж, үйл ажиллагаа нь тогтворжин, өргөжсөн байна.
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих орон нутгийн онцлогт нийцсэн төсөл, арга хэмжээнүүдийг санаачлан, туршин хэрэгжүүлсэн байна.
- Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цар хүрээ, чанар, хүртээмж сайжирсан байна.
- КОВИД-19 цар тахлаас үүдсэн хямралын үед сайн дурын даатгалд хамрагдаж буй ажиллагчид нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна.
Төслийн хүрээнд зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаа нь байгаль орчинд ээлтэй, нийгэм, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, жендерийн эрх тэгш байдлыг хангахад чиглэгдэнэ.
Төслийн танилцуулга (Power Point)-ыг энд дарж үзнэ үү.
Төслийн танилцуулга брошюрыг Монгол хэл дээр энд дарж үзнэ үү.
Төслийн танилцуулга брошюрыг Казак хэл дээр энд дарж үзнэ үү.