{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
М.Батмагнай:Бичил бизнес эрхлэгч, ажилгүй иргэдэд зориулсан энэ хөтөлбөр цаг үеэ олсон зүйл юм

админ,   4 сарын 15, 2021


М.Батмагнай:Бичил бизнес эрхлэгч, ажилгүй иргэдэд зориулсан энэ хөтөлбөр цаг үеэ олсон зүйл юм

Mesp

Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих газрын дарга М.Батмагнайтай ярилцлаа.

-Өнөөдөр бид цар тахлаас улбаатай эдийн засгийн таагүй нөхцөлд байна. Тэгэхээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хаа хаанаа дэмжиж, сайшааж байна. Энэ талаар?

-Тиймээ, энэ бол яах аргагүй цаг үеэ, нүдээ олсон хөтөлбөр юм. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүн амын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй аж ахуй эрхлэлтийг дэмжих, зорилтот бүлгийн иргэдийн аж ахуй эрхлэх чадварыг дээшлүүлэх замаар бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд оршино. Өнөөдөр олон асуудал байгаа ч нийгмийн энэ хэсэгт яах аргагүй дэмжлэг хэрэгтэй байгаа юм.  

-Зээл тусламжийн хүрээнд иргэд маань хамрагдаж байгаа ч энэ тал дээр мэдлэг мэдээлэл байхгүй учраас мөнгө төгрөгөө буруу зарцуулах, тохирох, тохирохгүй бизнес эхлүүлдэг тохиолдол байдгийг хэрхэн анхаарч байна вэ?

-Хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн анхан шатны мэдлэгтэй, бүр дээд түвшний мэдлэг мэдээлэлтэй, ор тас мэдлэг мэдээлэл байхгүй гээд янз бүрийн хүмүүс хамрагдаж таарна. Хөтөлбөрт ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгч гэсэн хүмүүс хамрагдана. Тиймээс бид бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд зээлийн өмнөх сургалт, жижиг зээл олголт, зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээ үзүүлнэ. Нийт зээлдэгчдийн 50-иас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар тусгасан. Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь 35 хүртэлх насны залуучууд, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насны иргэд байх юм.

-Зээлийн хэмжээ ямар байх юм, мөнгөө хэрхэн, ямар журмаар авах вэ?

-Юуны өмнө бичил бизнес эрхлэгчид 50 сая хүртэл төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө, эсвэл үйлчилгээний борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн байх ёстой. Зээлийн хэмжээ 5-10 сая төгрөгийг жилийн 11 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар “Хаан” банк, “Төрийн банк”-аар дамжуулан олгоно. Туршилтын энэхүү хөтөлбөрөө нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжүүлж эхлээд байна.

-Яг өнөөдрийн байдлаар цар тахал, хөл хорио гээд эрсдэлтэй цаг үед амьдарч байна. Ийм цагт бичил бизнес эрхлэгчид маань жигд үйл ажиллагаа явуулах боломж хомс. Тэгэхээр зээлийн хугацаа, хүү гээд цар тахлын үетэй холбогдуулсан ямар нэг өөрчлөлт байх уу?

-Тэгэлгүй яахав. Цар тахал, хөл хорионоос үүдсэн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан, 2021 оны тавдугаар сарыг дуустал хугацаанд зээлийн хүүг 7.56 хувиар тооцох юм. Иргэд олон нийт маань энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол өөрийн оршин суугаа дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст хандаж болох юм. Тэгэхээр би танай сайтаар дамжуулан тодорхой мэдээлэл өгмөөр байна. Иргэд юуны өмнө дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст хандан, Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч, маягт авч бөглөх, улмаар хоёр өдрийн сургалтад хамрагдах хэрэгтэй. Ийнхүү сургалтад хамрагдаснаар та тэндээс олж авсан мэдлэг, мэдээллээ ашиглан өгөгдсөн зааврын дагуу бизнесийн төслөө боловсруулах боломжтой. Мэдээжийн хэрэг сайн боловсруулсан төслөө зааврын дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. Таны боловсруулсан төслөөс ихээхэн зүйл шалтгаална гэдгийг ч мартаж болохгүй.

-Бизнес санхүүгийн мэдлэггүй хүнд хоёрхон өдрийн сургалт хангалтгүй санагдаж байна?

-Зээлийн хүрээнд 50 сая хүртэл төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө, эсвэл үйлчилгээний борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн байх ёстой гэж заасан. Тэгэхээр энэ хэмжээний бизнес эрхэлж байгаа хүнд бол хүндрэл байхгүй. Тодорхой хэмжээний туршлага, мэдээлэл байна гэсэн үг. Гагцхүү энэ зээлтэй холбогдуулан, иргэдэд тухайн зээлийн талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас анхан шатны мэдээлэл өгч байгаа хэрэг. Харин зээлийн дараах сургалтын үйл ажиллагааг үнэгүй олгоно. Тухайлбал, бизнесийн хурдасгуур, санхүүгийн бүртгэл, маректинг, борлуулалт гэх мэт бизнес хөгжлийн долоон өдөр, 50 цагийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж болно. Мөн ганцаарчилсан болон бүлгийн 20-30 цагийн бизнесийн зөвлөн туслах үйлчилгээ байна. Ерөөсөө бичил бизнес эрхлэгч, ажилгүй иргэдэд зориулсан энэ хөтөлбөр цаг үеэ олсон зүйл юм. 

З.Шатар 

Эх сурвалж: Түмэн.мн