{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
М.ОДОНЧИМЭГ: ТӨСЛӨӨС 10 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСНААР ӨӨРИЙН ГЭСЭН ДЭЛГҮҮР, АЖЛЫН БАЙРТАЙ БОЛСОН

админ,   6 сарын 08, 2022


М.ОДОНЧИМЭГ: ТӨСЛӨӨС 10 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСНААР ӨӨРИЙН ГЭСЭН ДЭЛГҮҮР, АЖЛЫН БАЙРТАЙ БОЛСОН

 

“ДӨРВӨН ЧИМЭГ, ЧИМЭГЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ” дэлгүүрийг шинээр нээн ажиллуулж байгаа бизнес эрхлэгч М.Одончимэгтэй ярилцлаа.

-Та Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдэд олгож буй зээлийг хэзээ авсан бэ?

     -Би өнгөрсөн онд Баянгол дүүргийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс мэдээлэл авч сургалтуудад хамрагддаг байсан. Тэр үед Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн зээлд хамрагдах боломжтойг мэдэж, шаардлагатай материалуудаа бүрдүүлж эхэлсэн. Тэгээд 2021 оны дөрөвдүгээр сард төслөөс 10 сая төгрөгийн зээлийг авсан. 

Mesp

- Коронавирусийн халдварын үед энэ төрлийн бичил бизнес эрхлэлтийг дэмжих зээлийг авснаар танд ямар дэмжлэг болж чадсан вэ? Үр дүнгээсээ хуваалцвал?

       -Би сонирхлынхоо дагуу хүүхдийн баяр, төрсөн өдөр гэх мэт хүүхэд багачуудтай холбоотой баяр наадамд зориулсан гоёл чимэглэл хийж эхэлсэн. Анх бөмбөлгөөр хүүхдийн баяр болох газар, талбайг чимэглэдэг байсан. Хийж байгаа ажилдаа дуртай болохоор өргөжүүлэх, илүү гоё болгох мөрөөдөлтэй байлаа. Тийм учраас зээл авсан. Зээлд хамрагдахаас өмнө айлын хоёр өрөө түрээсэлдэг байсан. Дэлхийн банкны төслийн хүрээнд олгож буй зээлээрээ өөрийн гэсэн ажлын байртай, дэлгүүртэй болж, бараа материалаа хангалттай сайн татаж чадсан нь маш их үр дүнгээ өгсөн.

- Өөрийн дэлгүүр, ажлын байртай болсонд баяр хүргэе. Одоогоор та  хичнээн хүн ажиллуулж байна вэ?

     -Ажлын байртай болсноосоо хойш хоёр хүнийг ажилд авсан. Энэ зун дөрвөн хүн ажилд авах боломжтой байгаа. Одооноос баяр ёслол, арга хэмжээнүүд жигдэрч эхэлсэн учраас ажил амжилттай үргэлжилж байна. Төслийн зээлд хамрагдсандаа баяртай байгаа. 

-Зээлийн хүү бизнес эрхлэхэд хүндрэл болж байна уу?

        -Би зээлээ төлж эхлээд жил болж байна. Ямар ч алдагдалгүйгээр сар бүр зээлээ төлж чадаж байгаа. Одоохондоо хүндрэлтэй зүйл байхгүй. Дахин зээл авах талаар бодоогүй байна. Гэхдээ ажлын байраа өргөжүүлж, дахин дэлгүүртэй болж, олон салбартай болох мөрөөдөлтэй.

-Та хэчнээн төрлийн бүтээгдэхүүн хийж байна вэ?

       -Манайх хүүхдийн төрсөн өдөрт зориулсан чимэглэл хийдэг байлаа. Одоо бүх төрлийн баярт зориулсан гоёл чимэглэл хийж байгаа. Мөн тухайн баярын уур амьсгал орчинд нь тохируулж чимэглэдэг. Би чамин зүйл хийх, хүүхдүүдтэй ажиллах дуртай болохоороо илүү сэтгэл гаргаж хийдэг. Манайд өдөрт 4-5 захиалга ирдэг. 

-Зээл авахад тулгарсан хүндрэл, бэрхшээл байсан уу?

       -Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зээлийг авахын тулд эхлээд төслөө бичсэн. Миний хувьд хүүхдийн баярт зориулсан гоёл чимэглэл хийх бизнесээ 2018 оноос хийж байгаа. Тэр үеэс л санхүүгийн тусламж хэрэгтэй байсан. Гэртээ олон жил суусан болохоор янз бүрийн газраас хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжгүй байсан. Тиймээс байгаа нөхцөл байдал, нөөц боломжоо тодорхойлж өөрийн боломжоороо төслөө бичээд зээлээ авсан. Зээл авахад барьцаа хөрөнгө шаардсан учраас би ажлынхаа автомашинаа барьцаалсан. Үүнээс өөр  тулгарсан асуудал байгаагүй. Банк ч хурдан ажиллаж, зээлийг маань шуурхай гаргаж өгсөн.

Mesp

-Төслийн хүрээнд зээл авахыг хүссэн иргэдийг Зээлийн өмнөх болон дараах сургалтад хамруулж байгаа. Та эдгээр сургалтуудад бүрэн хамрагдсан уу? Сургалтаар олж авсан мэдлэгээ бизнестээ хэрэгжүүлж чадаж байна уу?

         -Бүх сургалтад хамрагдсан. Ковид-19 халдварын үе байсан учир цахимаар сургалтад хамрагдсан. Төслийн хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс явуулсан тус сургалтаас маш олон зүйлийг мэдэж авсан. Надад төсөл бичих анхан шатны ойлголт байгаагүй. Зээлийн өмнөх сургалтад суугаад төсөл яаж бичих ёстойг мэдэж авсан. Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Очирхүү багшийн сургалтад олон удаа хамрагдсан.  Сургалт маш ойлгомжтой, мэдлэг болохуйц олон зүйлсийг заасан учраас бизнесийнхээ үйл ажиллагаанд өдөр тутамдаа хэрэгжүүлж байгаа. Ийм төрлийн сургалтыг дагалдуулж оруулсан нь маш таалагдсан. Их зүйл сурч байгаадаа баяртай байгаа. Төслийн зээлээр ажлынхаа гарааг эхлүүлж байна даа. 

Mesp

        -Танай дэлгүүр ямар нэртэй вэ?

-“Дөрвөн чимэг, чимэглэл үйлчилгээ” гэсэн цахим хаягтай. Түүгээрээ үйлчилгээгээ явуулдаг. Дэлгүүрээ хаягжуулж амжаагүй л байна.

За, ярилцсанд баярлалаа.

Ажлын амжилт хүсье.




Судалгаа, Мэдээлэл