{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
БАЯНХОНГОРЧУУД “АЖИЛСАГ 100 ЗАЛУУ” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

админ,   3 сарын 10, 2022


БАЯНХОНГОРЧУУД “АЖИЛСАГ 100 ЗАЛУУ” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Амарсанаатай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаар товч ярилцлаа.

Mesp

 - Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж  байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн    хүрээнд “Хөдөлмөрийн   зах зээлийг дэмжих    туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж  байгаа.  Үүнд Баянхонгор аймаг  хамрагдсан. Энэхүү хөтөлбөрийн хөдөлмөрийн зах зээл,  бичил бизнес эрхлэгчдийг дэмжих   чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ түүний үр дүн ямар байна вэ? 

  - Манай аймаг Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих төслийн   хүрээнд 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар  сар хүртэлх хугацаанд нийт 76   иргэнд 698 сая төгрөгийн бичил бизнесийг  дэмжих зээлийг олгосон байна. Энэ төслийн   хүрээнд хөнгөлөлттэй зээлд хамрагдсан иргэд өөрсдийн шинэ бизнесээ эхлүүлэх,   үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэх, ажлын байр бий болгох зэргээр зээлээ үр   ашигтайгаар зарцуулсан байна.  Энэ утгаараа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл   Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, хийж  бүтээе гэсэн иргэдийг дэмжих   чиглэлээр тодорхой үр дүнг үзүүлсээр байна.

- Иргэд зээлд хамрагдахад шат дамжлага олон, шийдвэрлэх хугацаа их  гэсэн ойлголттой байдаг.  Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн вэ ?

- Хүн бүрийн авч буй зээлийн хэмжээ харилцан адилгүй байдаг. Манай аймаг гэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийг Хаан банкаар дамжуулан олгож байгаа. Ингэхдээ бид ажлын хэсэг байгуулан тухайн хүний зээлийг боломжит богино хугацаанд шийдвэрлэж өгөхийг зорин ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэгт банкны мэргэжилтнийг оролцуулсан нь зээлийг хурдан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Тухайн зээлийг дэмжихээр шийдвэрлэсэн бол холбогдох материалыг нь  хурдан бэлдээд 2-3 хоногт зээлийг олгож байгаа.

- Бичил бизнес эрхлэлтийг дэмжих зээл авсан иргэд ихэвчлэн ямар төрлийн бизнес эрхлэхээр дэмжлэг авч байна вэ?

- Иргэдийн авч байгаа зээлийн хэмжээ, бизнесийн төрлөөсөө хамаараад янз бүр байна. Өөрөөр хэлбэл ямар бизнес хийвэл ашиг олох, юу хийвэл удаан хугацаанд тогтвортой байх, цаашлаад хөрш зэргэлдээ аймгууд, Улаанбаатар хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж зэргийг харгалзан үзэж зээл авч байна. Манай аймаг бусад аймгаас онцлогтой. Учир нь  урагшаа БНХАУ-ын Альша аймагтай хиллэдэг. Тиймээс иргэд энэ аймаг руу зорчиж бизнес эрхлэх нь элбэг байдаг. Иргэдээс ихэвчлэн оёдол, газар тариалан, мал аж ахуй фермийн чиглэл, барилгын материал үйлдвэрлэл, хүнсний ногоо тариалах, нийтийн хоолны чиглэлийн төслүүд орж ирдэг. 

- Баянхонгор аймаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд хэрэгжиж буй “Орон нутгийн санаачилгын төсөл”-д хамрагдсан. Тус төслийг ямар чиглэлээр хэрэгжүүлсэн вэ? Үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?

- Тиймээ, Манай аймаг Дэлхийн банкны төслийн дэмжлэгтэйгээр “Орон нутгийн санаачилгын төсөл”-ийн хүрээнд “Ажилсаг 100 залуу” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төсөлд бид хөдөлмөр эрхлээгүй 100 залууг газар тариалангийн ажилд сурган мэргэшүүлж, газрын үр шимийг хүртэж амьдрах, орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Эдгээр залуусын ихэнх нь эхнэр, нөхөр, ах, дүү гээд гэр бүлээрээ оролцсон нь илүү үр дүнд хүргэсэн. Төслийг хэрэгжүүлэхдээ аймгийн холбогдох байгууллагуудтай ярилцаад Түйн голын цаана шинэ суурьшлын бүсэд газар олгосон. Газрыг зохих дүрэм, журмын дагуу олгодог. Тиймээс бид бусад төрийн байгууллагуудтай хамтран газар олгох, худаг гаргах, хашаалах, тог татах гээд дэд бүтцийн асуудлыг өнгөрсөн онд шийдвэрлэсэн.  

Mesp 

- Төсөлд хамрагдсан 100 залуус ирэх жилүүдэд   өөрсдөө тус газартаа үргэлжлүүлээд ногоогоо   тариалах уу? Нөхцөл боломж нь бүрэн бүрдсэн гэж ойлгож болох уу?

 

 

 - Тиймээ. Бид залуучуудаа дэмжих үүднээс газрыг нь   хуваарилаад эзэмшүүлж өгсөн. 3 худаг гаргаж, өндөр   хүчдэлийн шугам татаж тогтой болгосон. Мөн залуучууд   маань өөрийн гэсэн газартаа тухайн жилд ямар ногоо   тариалах, мод бутны тарьц суулгац бэлтгэх, төмс хүнсний   ногоо, жимс жимсгэнийн тариалалтын үйлдвэрлэл эрхлэх   чиглэлээр аж ахуйн сургалтад хамрагдсан тул цаашлаад   өөрийн брэнд хүнсний ногоо, жимс жимсгэнийг тариалах боломжтой болсон. Бид олон улсын төсөл, хөтөлбөрт хандаж нарийн ногооны үр, бордоо, шинэ ургамлыг хөнгөлөлттэй үнээр авах бодлоготой байгаа.

- Мөн төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх орчин, нөхцөлийг сайжруулж, засварын ажлыг хийсэн. Ингэснээр ямар өөрчлөлтүүд бий болж чадсан бэ?

- Төслийн хүрээнд ХХҮГ-ынхаа байранд бүтэн засвар хийлгэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх орчин нөхцөлийг сайжруулан, үйлчилгээний шинэлэг өнгө төрхийг бүрдүүлсэн. Энэ ажлын хүрээнд нэг давхрын үйлчилгээний 2 том танхимыг тохижуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан засварласан. Ингэснээр Баянхонгор аймгийн иргэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг тухтай орчинд бүрэн авах боломж бүрдсэн. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бүрэн үзүүлэхэд чиглэсэн орчин үеийн загвар хийц бүхий  тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, ариун цэврийн өрөөтэй болсонд Баянхонгорчууд бүгд сэтгэл хангалуун байгаа.

Mesp

Мөн үйлчилгээний танхимд ажиллаж буй албан хаагчдын ажлын орчин нөхцөл сайжирч, ая тухтай ажиллах боломж бүрдсэнд манай хамт олон маш их баяртай байгаагаа илэрхийлье.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.




Мэдээ, Мэдээлэл